Code.org буюу бидний ирээдүй

Нийтлэсэн: Ochir Sanjaadorj 319 үзсэн0

Бидний амьдарч байгаа нийгэм асар хурдацтайгаар хувиран өөрчлөгдөж байна. Өдөр тутам бий болох шинэ технологи, хиймэл оюуны “ачаар” олон зуун ажлын байрууд өдөр тутам машинаар солигдсоор байна. Бидний хүүхдүүд уламжлалт системээр хэдэн тоо нэмж хасч, боломжтой нь ганц хоёр гадаад хэл сурснаар ирээдүйгээ бататгах гэж оролдсоор. Яг энэ хэвээрээ бол магадгүй тэднийг том болж ажлын байран дээр гарах үед аль хэдийн бүх ажлын байрыг автоматжуулалт эзэлсэн байх магадлал өндөр. Ямар ажлын байр ямар ирээдүй бидний хүүхдүүдийг хүлээж байгааг таахад бэрх хэдий ч нэг зүйл тодорхой байна. Энэ нь бүх зүйл компьютер программ хангамжтай холбогдоно. Мэдээж хэрэг математик, хэл үндсэн мэдлэг байх боловч мэдээллийн технологи зайлшгүй үндсэн мэдлэгийн тоонд орох нь гарцаагүй.

Одооны Монгол улсын боловсролын систем нь ахлах ангиас эхлэн мэдээлэл зүй гэдэг хичээл ордог ч энэ нь хэтэрхий хангалтгүй байна. Олон улсад мэдээллийн технологийн хичээл бүр 1-р ангиас нь орох болсон нь ирээдүйгээ чадварлагаар олж харж өөрчлөлт хийж эхэлсэнтэй холбоотой. Бидэнд ч бас боломж байгаа. Би нилээн хэдэн жилийн өмнөөс бага насны хүүхдэд программ хангамж болон түүний логик сэтгэлгээ, сэтгэлгээний өөрчлөлтийг суулгах талара нилээн хайсан. Харин саяхан code.org гэх вэб сайттай танилцсан ба яг миний хүсч байсан бүрэн хэмжээний хөтөлбөрийг 4-наснаас эхлээд 13 нас хүртэл заасэн байдаг юм байна. Хөтөлбөртэй нарийвчлан танилцаж үзэхэд үндсэн суурь ойлголтууд, давталт, нөхцөл шалгалт, багаар ажиллах, алдаа засах гэх мэт асар том өргөн цар хүрээг хамарсан мэргэжлийн гэж хэлж болох мэдлэг олгодог аж. Хичээл болгон үзэх танилцах видео, дагаж хийх дасгал ажил, бүр багш эцэг эхэд зориулсан гарын авлага бүхий хичээлийн багц агуулж байна.

Асуудлын гол нь энэхүү хичээлүүд нь англи хэл дээр бэлтгэгдсэн байгаа нь том хаалт болж байгаа юм. Гэхдээ уг сайтыг орчуулах боломжтой ба бараг л Монголоос бусад бүх хэлнээ хөрвөжээ. Бид ч гэсэн бусад улсаас дутахгүйг хичээн үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө орчуулж багаас нь хүлээж буй ирээдүйд нь бэлтгэх хэрэгтэй гэж бодном. Хэрвээ та бүхэн энэ тал дээр хамтрах нэгдэх сонирхолтой байвал бидэнтэй холбогдоход үргэлж нээлттэй байх болно.

10 жилийн хичээлийн хөтөлбөрт оруулж чаддагүй юмаа гэхэд ядаж бид өөрсдөө орчуулж бэлдээд хүүхдүүддээ хүргэж болохоор санагдсан. Миний хийсэн судалгаагаар нэг ангийн хичээлийг дунджаар одооны Монгол орчуулга, дуу оруулгын үнэлгээгээр 1 сая орчим төгрөгөөр орчуулж болохоор харагдаж байна. Нийтдээ бага ангийн хүүхдэд зориулсан 6 ангийн хичээл байгаа болохоор 6 сая төгрөг байхад болохоор санагдаад байгаа. 13 наснаас хойш хүүхдүүд бараг л Англи хэл сурчихсан байна гэж үзээд тэрнээс цааш орчуулах нь бараг хэрэгцээгүй бүр илүү хорлох магадлалтай болох байх.

Хичээлийн линк https://studio.code.org/courses Үндсэн 6 ангийн хичээл https://code.org/student/elementary