Мэргэжил бүхэн сайхан?

Нийтлэсэн: Ochir Sanjaadorj 325 үзсэн0

Биднийг бага байхад багш нар, ээж аавууд, хажуу айлын ах бүгд л мэргэжил бүхэн сайхан гэдэг байлаа. Одоо ч нэг их өөрчлөгдөөгүй байх. Гэхдээ бас цаг цагаараа байдаггүй гэж нэг үг бий. Шинэ эриний хүүхэд залуус та бүхэн яг өнөөдрөөс мэргэжил гэж юу вэ? Ямар мэргэжил сонгох вэ? Гэдгээ нухацтай эрэгцүүлэн бодох хэрэгтэй. Бага байхдаа зарим нь эмч, цагдаа, жолооч, компаний захирал болно гэцгээж байсан байх. Гэхдээ өнөөдөр бол тэр үеээс шал ондоо нийгэм, шал өөр цаг үе ирсэн. Өдөр болгон олон мэргэжил автоматчилалаар солигдож байна. Олон мянган ажлын байрууд робот, компьютерээр солигдож байна. Магадгүй өнөөдөр чиний сонгосон мэргэжил сургуулиа төгсөөд очиход чинь аль хэдийн ямар нэг хиймэл оюунаар солигдсон байвал яах вэ? Яг одоо л гэхэд IBM Watson олон арван жилийн туршлагатай ямар ч эмчээс илүүтэйгээр оншийг үнэн зөв бас хурдан тавьж байна(https://www.ibm.com/watson/health/ https://www.worldhealth.net/news/ibm-watson-supercomputer-best-doctor-world/) . Ухаалаг хиймэл оюун дэлхийн үйл явдлыг ажиглан мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийн сурвалжлага бэлтгэж үзүүлж байна. (https://digiday.com/media/washington-posts-robot-reporter-published-500-articles-last-year/) Барилгыг эхнээс нь дуустал автоматаар зурж тооцооллыг нь хийдэг программууд гарч тэрнийг нь барьдаг роботууд олноор төрж байна. Замын хөдөлгөөн, гудамжны аюулгүй байдлыг хүн биш машин хянаж зохицуулж байна. Мэргэжлүүд устаж байна.

Хэдхэн жилийн өмнө машин зохион бүтээгдэхэд хүн бүр л машин хэзээ ч морийг орлож чадахгүй морь бол хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл хэвээр байна гэж мэтгэлцэж байсан ч өнөөдөр морь үндсэн тээврийн хэрэгсэл хэвээр байгаа улс хаана ч байхгүй. Манай хөдөөнийхөн хүртэл мотоцикл хэрэглэж байна.

За тэгвэл ямар мэргэжил сонгох хэрэгтэй вэ? Яг өнөөдрийн байдлаар компьютер шинжлэх ухаан, дата аналист, хиймэл оюун, крипто валют гэх мэт зүйлс хамгийн өргөн тархаж байна. 5 жилийн дараа ямар байхыг хэн ч таашгүй. Гэхдээ нэг л зүйл тодоос тод харагдаж байна. Ямар ч мэргэжил байсан мэдээллийн технологийн суурь ойлголтыг шаардах болно. Бараг бүхий л мэргэжил ямар нэг байдлаар програмчлал, автоматжуулалттай холбогдоно. Магадгүй уран зураг, яруу найраг, гээд урлагийн төрлүүдээр машин хүнийг давахгүй гэж бодож байвал том эндүүрч байна. Яг өнөөдрийн байдлаар аялгуу дуу зохиодог олон тооны хиймэл оюун бүхий вэб сайтууд(https://www.ampermusic.com/), шүлэг уран зураг зурж чадах машинууд цөөнгүй бий болсон байна (https://www.theverge.com/2017/4/11/15263434/google-ai-autodraw-doodle-bot-drawing-image-recognition).

Тэгэхээр ирээдүйн мэргэжил чинь юу ч байсан аль болох эртнээс компьютерийн шинжлэх ухааныг шимтэн судла. Програмчлал, автоматжуулалт, алгоритм гээд хэл хугалам үгсийн утгыг ойлго. Суралц өөрийн болго. Тэгэж чадвал ирээдүй чинь төдий чинээ баталгаатай болно. Сүүлийн 1-2 жилийн дотор дэлхийн олон улсууд хүүхдүүдэд 1-р ангиас нь програмчлал, програмчлал сэтгэлгээг сургаж эхэлсэн байна. Энэ нь тэд ирээдүйд ирээдүйгээ бэлдэж байгаа хэрэг юм.