Ирээдүйн МТ-н салбарын мэргэжилтнүүдэд

Нийтлэсэн: Ochir Sanjaadorj 82 үзсэн0

Кодер залуус маань сүүлийн үед ирээдүйдээ санаа зовж эртнээс бэлтгэлээ базаах нь ихэсчээ. Үнэхээр баярлууштай, энэ тал дээр хэд хэдэн хүн зөвлөгөө хүссэн болохоор нэг мөр бяцхан зөвлөгөө бэлдэхээр шийдлээ. Цөөнгүй мэргэжилтэнгүүдтэй ярилцаж мэдлэг чадвар, мэдээллээс нь зулгаасан болохоор мэддэг гэж бодсоноо чадан ядан сийрүүллээ.

Тэгэхээр 10 жилээсээ эхлээд хэрхэн ирээдүйн МТ-н салбарын шилдэг мэргэжилтэн болох вэ?

  1. Болж өгвөл хамгийн эртнээс Hackerrank, Leetcode зэрэг сайтууд дээр бодлого бодож эхлэ. Учир нь гайгүй гэсэн бараг бүх л байгууллага дээрх 2 сайтаас авсан төстэй эсвэл шууд хуулсан бодлого бодуулна. Дээрээс нь дээрх сайтууд дээрх бодлогууд нь илүү практик талтай олон асуудлыг олон талаас нь бодох боломжийг олгодог. Хамгийн энгийн бодлогыг хүртэл задлан шинжилж яаж илүү хурдан, илүү олон нөхцөлд таарах талаас нь бодож сурах нь ажил дээр гарахад маш хялбар болгож өгнө.  Бусдын бодолт шийдлүүдийг заавал үз, гайхалтай шийдлүүдийг өөрөө гаргаж чадахгүй бол ядаж цээжил. За тэгээд эдгээр сайтууд нь байс хийгээд л төрөл бүрийн уралдаан зарладаг, тэдгээр уралдаанд ялсан ч ялагдсан ч хамаагүй оролцож занш. Бөөн туршлага бөөн урам бөөн гуниглал. Заримдаа сургуулийн тэтгэлэг хүртэл шагналын санд нь байдаг шүү.
  2. Яг одоо linkedin профайлаа үүсгэ. Таны талаар хамгийн чухал мэдээллийг харуулах ёстой үндсэн сайт. Хийсэн бүтээсэн, сурсан мэдсэн, олсон амжилт гээд байж болох бүгдийгээ оруул. Тогтмол шинэчил, гадаад дотоодын хүмүүстэй ажил хийсэн бол recommendation буюу санал болгохыг хүс. Ер нь л байж болох сайн гэсэн болгоноо яг одооноос оруулж эхлэ.
  3. Github дээр чадах хэрээрээ төслүүд хөгжүүл, төрөл бүрийн нээлттэй эхийн төслүүдийг судлаж туслахыг хичээ. Задлаж үз сонирх. Ер нь хийсэн код болгоноо github эсвэл bitbucket дээр байршуулаад занш. Repository тогтмол ашиглаж занш. Өнөө үед репо ашигладаггүй хүн хадны мангаатай адил.
  4. Кодоо яг одооноос иж бүрэн Comment той бичиж занш. PHP дээр бол жишээ нь хамгийн түгээмэл стандарт нь http://symfony.com/doc/current/contributing/code/standards.html энэ. Өөрийн сонирхсон хэл болгоны стандартыг ягштал мөрдөж занш. Ажлын байран дээр гарахад хүний хараал идэхгүй бас маш мэргэжлийн харагдана. Тайлбаргүй кодыг хэн ч хараад шууд бөөлжис нь хүрдэг. Тэгээд баахан тайлбаргүй код биччихээд хүнд шалгуулвал онигоо болно.
  5. Хакатон, уралдаан тэмцээнд идэвхитэй оролц, төрөл бүрийн сайн дурын ажлуудад оролц. Тэгснээр хүмүүстэй танилцана, магадгүй ирээдүйн ажлын байрны санал тэнд байж мэднэ. Дээрээс нь ялсан ялагдсан дэмжсэн оролцсон болгоноо нөгөө linkedin дээрээ байршуул. Гэхдээ одооходноо стартап гэж хөөрцөглөх нас чинь, цаг чинь ч биш гэдгийг сайн тогтоо.
  6. TOEFL, IETLS за энэ 2 бол номер 1 чухал асуудал. Завтай цагтай, амьдрал ахуйтай болохоосоо өмнө энэ 2 шалгалтын аль нэгийг нь өгөөд мундаг биш гэхэд боломжийн үнэлгээ ав. Гэхдээ тодорхой хугацаанд дахиж өгдөг болохоор гадагшаа сургуульд явах болсон үедээ өгөх нь зөв. Англи хэл дээр бүх кодоо бич, бүх комментоо бич. Багш чинь Монголоор бич гэх байх. Аль болох л Монголоор код бичих тайлбар бичихээс зайлсхий. Дараа нь өөрт чинь хор болно. Ер нь кодны хэл бол Англи хэл, кодны улсад хэлээр нь л ярь.
  7. Үнэхээр гавал толгойтой, кодыг хашраадаг, MIT -д тэнцчихээгүй л бол Монголдоо бакалавраа хамгаал. Яг адилхан юм заана адилхан үнэлэгдэнэ. Мэдээж хэрэг хувийн сураггүй сургуулиуд биш шүү дээ. Монголд сайн сургуульд авсан бакалавр чинь хаана ч хэрэг болно. Харин мастер, доктор Монголд хийж хэрэггүй. Хэн ч үнэлэхгүй, манай мастер дэлхийд ямар ч падлийгүй. Тэгээд ч код бичихэд мастер байна гэсэн шаардлага хаана ч байхгүй. Туршлага чадвар линкэдин профайл, лийткодын рэнк, гитхабын төслүүдээр чинь үнэлэнэ. Яг үнэндээ бакалавр ч хэрэг байхгүй. Гэхдээ суурь боловсрол чухал яаж ийж байгаад хүн шиг төгс. Сурж л байгаа бол 3-с дээш голчтой төгс, чадахгүй бол сурсны хэрэггүй. Тэрнээс доош голч харин ч гай болно. 3 болтол нь дахиж сурдаг юмуу яадаг юм. За тэгээд хамгийн гол нь зардал нь асар бага.
  8. Гадаад сургуулийг одоохондоо март. Баклавр сайн хийчихсэн бол Монгол сайн компаниудад ядаж 2 жил ажиллачих, хүний үг дааж сурна, ажил хийж сурна. Юм юм л сурна. Тэднийг сурахгүйгээр гадны компани энэ тэр саналтгүй, сар болохгүй хусуулна. Тэр хоорондоо мөнгөө тултал нь цуглуул, баяр наадам, машин тэрэг. Аль нь ч чамд хэрэг болохгүй. Заавал гадагшаа явж сурч ажиллаж үз. Маш их юм сурна, дэлхийн энтэй сэтгэнэ. Суусан цэцнаас явсан тэнэг гэдэг юм. Монголдоо битгий хадаас болж зэвэр. Битгий багшил. Нас чинь ч туршлага чинь ч багшид хүрэхгүй.
  9. За гадагшаа явах боллоо хайшаа явах вэ? Номер 1 сонголт нь АНУ, сүүлийн үед Махараши руу маш их Монголчууд явах болсон. Тэр нь ч зөв. Ердөө 8 хан сар кампус дээр байршиж мэдлэгээ зузаалж орчиндоо дасч аваад шууд ажлын байр луу гарна. Хамгийн үнэмшилтэй бага зардалтай ирээдүйтэй сургууль. Гэхдээ АНУ -д өшөө олон мянган сургууль байгааг битгий март. Үнэхээр толгой сайтай бол сургууль болгон хэдэн зуун тэтгэлэгтэйг сана. Сайн хичээвэл MIT -д ч тэтгэлээр сурж болно. Том сургууль төгсвөл том ажлын байртай болно. Гол нь мэдлэг чинь томроно. Ирээдүй чинь гэрэлтэнэ. АНУ -д STEM -р төгссөн бол 2 жил ажиллах эрхтэй байдаг. Тэр хугацаанд маш их юм сурна. Буцаад Монголдоо ирээд том том стартап үүсгэж чадахуйц болно. Маш том найзын холбоотой болчихсон байна. Ямар ч юм эхлүүлсэн танилын сүлжээ чинь хэрэг болно. Дараагийн сонголт нь Канад, Австрали, Япон. Эдгээр улсууд нь бүгд МТ -н салбарынхнаар дутмаг үргэлж мэргэжилтэн хайж байдаг. Сурч дадлагашихад хамгийн сайхан газрууд.
  10. МТ бол хил хязгааргүй зах зээл, дуртай нь дуртай газраасаа дуртай бизнесээ энэ талбар дээр эхлүүлж болно. Дуртай газартаа алба хашиж болно. Тэгэхээр гадаадад бүр үлдэх гэж битгий хичээ. Сурах ёстойгоо сурсан, үүсгэх ёстой сүлжээгээ үүсгэсэн бол одоо л чи жинхнээсээ стартапын талаар бодож болно. Өдий хүртэл хийсэн сурсан бүхэн чинь зөвхөн өөрийн гэсэн стартап үүсгэхийн тулд л бүрэлдсэн юм. Туршлага, мэдлэг, чадвар, танилын хүрээ чинь дутмаг байвал дүүртлээ дахиад л ажилла, суралц, танилын хүрээгээ тэл. Тэгээд дахиад стартап үүсгэ. Гадаад улс сайхан, сайхан байлгүй яахав. Гэхдээ хүний юм л бол хүний юм. Эх орондоо ээж аавынхаа дэргэд сайхан амьдрах боломж байгаа, энэ боломжийг МТ -н салбар л бий болгож чадна.